"Эгшиглэнт говь" яруу найргийн өдөрлөг Номгон суманд боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/. МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбараас "Эгшиглэнт говь" яруу найргийн өдөрлөгийг Номгон суманд зохион байгууллаа.
Өдөрлөгт МЗЭ-ийн шагналт зохиолч, Өмнөговь аймгийн нэрийн хуудас болсон ахмад зохиолч Эрэнжидийн Хархүү, МЗЭ-ийн бодлого зохицуулалтын албаны дарга, зохиолч Намбарын Пүрэв, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Наранхүүгийн Амартүвшин нар урилгаар оролцов.
Мөн Өмнөговь аймгийн шилдэг шүлэгч шалгаруулах "Эгшиглэнт говь" яруу найргийн наадам, Монгол Улсын тэргүүн зэргийн ерөөлч С.Мөнхжаргалын нэрэмжит "Их говийн дуулал" уран уншлагын тэмцээн, Цагаан дэрсны заставт Халх голын ялалтын түүхт 80 жилийн ойд зориулсан "Өмнөд хязгаарын эгшиглэн" яруу найргийн тэмцээн болсон.
Уг наадмуудад нийт 40 гаруй яруу найрагч зохиолч, 30 орчим хүүхэд залуус оролцлоо.Энэ арга хэмжээг жил аймгийн ЗДТГ ивээн тэтгэдэг бөгөөд энэ жилийн хувьд Номгон сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа С.Цэрэнбаяр, тус сумын ЗДТГ, "Өнөд өвлөх урлахуй" ХХК, "Хаан" банкны Өмнөговь аймаг дахь салбар зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан байна.
Өдөрлөгийн үеэр зохиолчид Монголын хамгийн өмнө цэг Орвог гашууны бор толгойд гарч шүлэг уран бүтээлээ уншиж, хилчин залуустай яриа өрнүүлсэн юм.