Хууль, хяналтын байгууллагуудын барилгын шав тавих ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-30 17:25:02

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын шинэ барилгын шав тавих ёслол боллоо.

Аймгийн Цагдаагийн газрын одооны барилгыг 1981 онд барьсан бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагаас стандартын бус гэх дүгнэлтийг жил бүр гаргадаг. Түүнчлэн Цагдаагийн албаны орон тоо нэмэгдэж буйтай холбогдуулан өрөө хүрэлцэхгүй зэрэг асуудал үүсч байна. Тиймээс 3000 га талбайг орон нутгаас шийдэж, улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 18х30 хэмжээтэй, 3 давхар барилгын ажил өнөөдөр эхэллээ. Гүйцэтгэгч нь “Бат угсралт констракшн” ХХК бөгөөд энэ оны 11 дүгээр сард ашиглалтад өгөх үүрэг хүлээв.

 Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын одооны барилга анх 1953 онд аж ахуйн аргаар барьсан, чулуун суурь, шургаа, шар шавран бүтэцтэй барилга юм. Өдгөө хөгц мөөгөнцөртэй, нуралт ихтэйгээс шалтгаалан үйл ажиллагаа явуулахыг хориглосон дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргаад байна. Тус байгуулагын оффисын асуудлыг шийдэхийн тулд 2000 га талбайд улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр зоорийн хэсэгтэйгээ 3 давхар, 405 м/кв талбай бүхий барилгыг барихаар өнөөдөр ажлыг эхлүүллээ. Барилгын ажлыг “Оазислэнд констракшн” ХХК-иас гүйцэтгэнэ.

Эдгээр барилгыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ашиглалтад оруулснаар цагдаагийн 135, мэргэжлийн хяналтын 36 албан хаагчийн ая тухтай орчинд ажиллах нөхцөл боломж бүрдэх юм. Энэхүү бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хичээл зүтгэл гарган хөөцөлдөж, төсөв хөрөнгийг шийдвэрлэж өгсөн байна.

相关新闻