Малын хүзүүнд гэрэл ойлгогчтой хүзүүвч зүүлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс зам тээврийн хэрэг, ослоос иргэд зорчигчдыг урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн А0103 босоо тэнхлэгийн зам дагуу амьдардаг малчдад гэрэл ойлгогчтой малын хүзүүвч тараажээ.
Сумын ЗДТГ-тай хамтарч энэ ажлыг жил бүр зохион байгуулж байгаа боловч малчин иргэдийн хариуцлагагүй байдлаас хүзүүвч гээгдэх, хүзүүвчийг зориулалтын дагуу бод малдаа зүүхгүй байх тохиолдол гардаг байна.
Өмнө нь Сайншанд сумын ЗДТГ-ын захирагчийн Ажлын албанаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор мөн л мянганы замын босоо тэнхлэг дагуу нутагладаг малчдын бод малын хүзүүнд гэрэл ойлгогч бүхий хүзүүвч зүүж байсан.
Гэрэл ойлгогч зүүлт нь үзэгдэх орчин хязгаарлагдмал, харанхуй орчинд цацарч харагддаг аж. Дорноговь аймгийн нутгаар улсын чанартай босоо тэнхлэгийн хатуу хучилттай замын 40 гаруй хувь буюу 408 километр зам дайран өнгөрдөг төдийгүй хүн нас барсан гэмтсэн ослыг нарийвчлан судлахад зам хөндлөн гарч яваа мал дайрсан тохиолдол цөөнгүй байдаг аж.