Дорноговийн сумд улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-26 15:57:05

Дорноговь /МОНЦАМЭ/. “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төсөл Дорноговь аймагт хэрэгжиж эхэллээ.Энэ талаар аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин төслийн зохицуулагч Г.Пүрэвсүрэнтэй  уулзахдаа ярилцсан байна.

Төслийн хүрээнд 2019 онд Дорноговь аймгийн бүх сумыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбох бөгөөд ингэснээр сумдын иргэд өөрийн оршин суугаа газраас улсын бүртгэлийн үйлчилгээг цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэн түргэн шуурхай шууд авах боломж бүрдэх аж.

Өөрөөр хэлбэл иргэд өмнө нь иргэний бүртгэлийн зарим лавлагаа, үйлчилгээг зөвхөн аймгийн төв, дүүргээс авдаг байсан бол онлайн сүлжээний тусламжтайгаар харъяалал харгалзахгүйгээр шууд сум, хорооноос авах боломж бүрдэж буй.

Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл сумыг төслийн санхүүжилтээр, Айраг, Даланжаргалан, Өргөн, Эрдэнэ сумыг орон нутгийн санхүүжилтээр холбохоор тохиролцсон аж.

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа энэ төсөл нь манай орны улсын бүртгэлийн систем хийгээд мэдээллийн санг хөгжүүлэх, тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулахад чухал үүрэгтэй аж.

Дашрамд дурдахад “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийн хүрээнд Замын-Үүд сум улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбогджээ.

相关新闻