Их бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр нар иргэд хөдөлмөрчидтэй уулзаж өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч иргэдийн асуултад хариуллаа.
Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд өнгөрсөн онд төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 38.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 гаруй ажил хийсэн байна.
Тухайлбал, Сайншанд сумын авто замыг засварлаж, гэрэлтүүлгийг шинэчлэн сайжруулсан, авто зогсоол, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтыг хийсэн, зарим багт Иргэдийн хөгжлийн төв шинээр байгуулсан, орон нутгийг судлах музейн барилгын засварыг хийсэн гээд олон бүтээлч ажил өрнүүлсэн аж.
Боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор урд хөршөөс 26 мянган ширхэг мод, Төв аймгаас 80 ширхэг нарс, БОАЖЯ-аас хэрэгжүүлж буй “Ногоон паспорт”-Монгол орон даяар аяны хүрээнд Хамарын хийд орчимд 3800 гаруй чихэр өвсийг тарьж суулгаснаар аймгийн хэмжээнд нийт 38 мянган ширхэг мод тарьсан бөгөөд ургалт 95 хувьтай байгааг онцлов.
Энэ онд аймгийн ЗДТГ-аас “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд гэр бүл, өсвөр, үе хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, тэдгээрийн идэвх санаачилгыг дэмжих, гэр бүлийн хөгжил хамгааллыг сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор олон ажил хийхээр төлөвлөжээ.
Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2017 онд эхэлсэн “Их бүтээн байгуулалтын жил”-ий н хүрээнд хийсэн ажлыг дахин үргэлжлүүлэхээр болсон аж.
Сайншанд суманд спорт цогцолбор, кино театр зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнүүлэх бол олон жил сунжирсан Сайншандын төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулна.