Арвайхээрийн 320 өрхийг тогтвортой бизнестэй болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагын Өвөрхангай аймаг дахь хөгжлийн хөтөлбөрөөс “Өрхийн хөгжил-320” төслийг Арвайхээр сумын 320 өрх айлд хэрэгжүүлж байна.
Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш таван сарын хугацаа өнгөрөөд байгаа ба энэ хугацаанд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх уулзалтыг Арвайхээр сумын багийн дарга, иргэдийн дунд зохион байгууллаа. Сонгож авсан зорилтот бүлгийн өрхийн гишүүдийг бизнесийн мэдлэгтэй болгох, санхүүгээ оновчтой удирдах чадварыг олгох, тэдний эрүүл мэнд, оюун санаа болон эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад сум, орон нутаг болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын ажлын уялдаа холбоо чухал байгааг уулзалтын үеэр онцлов.
Төслийн хүрээнд бизнесийн чиг баримжаа олгох сургалтууд эхлээд байгаа ба багийн гишүүд судалгаа хийж, нэгэнт зах зээлийн эрэлт хэрэгцээ хангагдсан энэ үед юу хийж, яаж ашиг олох вэ, юугаараа онцлог, давуу байх вэ гэдгийг сургалтын явцад тодорхойлох аж.
Арвайхээр сумын 40 орчим мянган хүн амын 19 хувь нь ядуу гэсэн тоон судалгаа бий. “Өрхийн хөгжил-320” төсөл хэрэгжсэнээр тогтвортой бизнес эрхлэх өрхийн тоо 320-оор нэмэгдэнэ хэмээн үзэж байна. Төсөл 2018-2021 он хүртэл зөвхөн Арвайхээрт хэрэгжинэ.