“Ус бидний амьдралд” сэдвээр уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 11:40:00

НҮБ-ын Дэлхийн усны өдрийг “Ус ба ажлын байр–2016 он” сэдвийн дор тэмдэглэхээр зарласантай холбогдуулан Баянхонгор аймагт “Ус бидний амьдралд” уралдаанаа уламжлал болгон явуулах гэж байна.

Цэцэрлэг, сургуулийн сурагчид, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, усыг хайрлах, хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор тус уралдааныг Баянхонгор аймагт 11 дэх жилдээ зарлажээ.

Тус өдрийг угтан бага насны ангилалд “Усны эргэлт” тоглоом, гар зургийн уралдаан, ЕБС-ийн сурагчдын дунд “Ус бидний амьдралд” гар зургийн уралдаан, нөлөөллийн арга хэмжээ, насанд хүрэгчдийн дунд “Ус бидний амьдралд” бүтээлийн уралдаан, богино хэмжээний кино, фото зургийн уралдааныг зарлаж байгаа юм байна.

Уралдаанд оролцогчдын бүтээлийг өөрийн гэсэн онцлог, шинэлэг санаа, тодорхой асуудлыг дэвшүүлсэн, бүтээлчээр хандсан байдал зэргээр мэргэжлийнхэн үнэлж, шалгаруулах юм байна. Бүтээлийг ирэх сарын 12-ныг хүртэл аймгийн БОАЖГ-т, ЕБС-ийн ангиудын нөлөөллийн үйл ажиллагаа явуулсан тайланг Дэлхийн зөн Баянхонгор-1 ОНХХ-т хүлээн авах бөгөөд шагналыг мөн сарын 15-нд буюу Эх дэлхийн өдрөөр гардуулах аж.

Б.Мөнхзул

相关新闻