Хоёр тарифт тоолуурыг 1150 өрхөд суурилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-19 20:24:24

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Эрчим хүчний шөнийн хэрэглээг нэмэгдүүлж, өдрийн хэрэглээг зохистой байлгах, гэр хорооллын айл өрхүүдийн агаарын бохирдолтой тэмцэх утааг бууруулах зорилгоор Говь-Алтай аймгийн төвийн 1150 өрхөд хоёр тарифт тоолуурыг  суурилуулжээ.

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор тус аймгийг цахилгаан эрчим хүчээр хангагч "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК 2017 оноос эхлээд хоёр тарифт тоолуурыг айл өрхүүдэд суурилуулж эхэлсэн. "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-ий хувьд хоёр тарифт смарт тоолуураа хуучин ашиглаж байсан тоолуураар солих хүсэл сонирхолтой айлуудын тоолуурыг шинэчлэх ажлыг зохион байгуулалттайгаар авч хэрэгжүүлж  эхэлжээ.

Энэ ажлын хүрээнд 2017-2018 онд 80 орчим айл тоолуураа шинэчлүүлсэн бол 2018 онд Говь-Алтай аймгийн ИТХ-аар Засгийн газрын тогтоолын хүрээнд айл өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор хоёр тарифт тоолуураар 1000-аас доошгүй өрхийг тоолууржуулах бодлогыг Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан байна. Ингэхдээ тус аймгийн ИТХ-аас 2018 онд аймгийн Засаг даргын төсөвт 1150 айлд  хоёр тарифт тоолуур суурилуулахаар тусгасан бөгөөд тоолуур нийлүүлэх ажлыг "Межүрмент" компанитай гэрээ байгуулжээ. Харин суурилуулах ажлыг "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК тус компанитай хамтран суурилуулсан юм. Уг ажил хэрэгжсэнээр тухайн айл өрхүүд Эрчим хүчний зохицуулах хорооноос гарсан тогтоолын дагуу шөнийн хэрэглээгээ  хөнгөлүүлэх боломжтой болжээ.

Энэ онд 1150-иас доошгүй айл өрхийг хоёр тарифт тоолуур буюу ухаалаг смарт тоолуураар хангахаар 90 орчим сая төгрөгийг төсөвлөсөн ажээ.

相关新闻