Есөнзүйлийнхэн залуу боловсон хүчнийг орон нутагт татах хөшүүрэг хэрэгтэй байгааг онцлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд С.Чинзориг энэ сарын 15-ны өдөр Есөнзүйл сумын иргэдтэй уулзалт хийлээ.
Энэ
үеэр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцсэн асуудлууд, баталсан хууль тогтоомж
болон улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тус
сумаас сонгогдсон гишүүнийхээ хувьд хийсэн ажлынхаа тайланг тавьсан юм.
Иргэдийн зүгээс ЖДҮ-ийн сангийн зээлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага хэрхэн шийдэх, түүхий эдийн үнийг тогтвортой байлгахад төр засгаас ямар арга хэмжээ авах, залуу малчдыг дэмжих боломж зэргийг голчлон сонирхож асуухын зэрэгцээ суманд тулгамдаж буй зарим асуудлыг шийдэх, ард түмний амьдрал ахуйг дээшлүүлэх боломжийн талаар санал бодлоо хэлэв.
Тухайлбал, олон жил ярьж байгаа Сум дундын эмнэлгийн байрны асуудлыг шийдчихвэл зайн эмчилгээний телемедициний танхимтай болж иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж дээшлэх боломж байгааг Хүний гавьяат эмч Дамдинсүрэн гуай ярьсан. Есөнзүйлийнхэн төрийн үйлчилгээ үзүүлдэг гол газар ЗДТГ-аа байр байшинтай болгох, залуу боловсон хүчнийг орон нутагт ажиллах боломжоор хангах, тэднийг татах хөшүүрэг хэрэгтэй байгааг дурдав. Мөн замын асуудлыг олон хүн хөндөж байлаа.