Иргэдээс 400 орчим сая төгрөг залилсан этгээдийг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-19 16:08:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  “Зээл хаана, кредит карт гаргаж өгнө” гэх нэрийдлээр бусдаас их хэмжээний мөнгө зээлээд эргэн төлөлгүй залилсан этгээдийг аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна.

Хэрэгт холбогдогч зээл хааж, мөнгө эргэлдүүлэх зорилгоор бусдаас 1 хувийн хүүтэй мөнгө зээлж улмаар тэрхүү өрөө дарахын тулд өөр олон хүнээс хүүтэй мөнгө зээлсэн байна. Үүнтэй холбоотойгоор 15 иргэн 380 сая төгрөгийг залилуулсан гэх гомдлыг Цагдаагийн газар, Төрийн үйлчилгээний төвд тавиад байгаа юм.

Хохирогч иргэд “Нэг өдрийн дотор өндөр хүүтэй мөнгө зээлнэ” гэх үгэнд хууртаж, богино хугацаанд өндөр ашиг олохоор дээд тал нь 40 сая төгрөг зээлсэн бөгөөд мөнгөө буцааж олж авч чадаагүй аж.

Иргэд сүлжээний бизнест татагдан орж, эцэст нь эдийн засгаараа хохирох асуудал багагүй гардаг. Сүүлийн үед “зээл хаана” гэх зарыг хуурамч цахим хаягнаас явуулж, иргэдийг хохироох хэрэг, зөрчил давтагдаж байгааг Цагдаагийн газраас анхааруулж байна.

相关新闻