Индонезид үер, хөрсний гулгалтын улмаас олон арван хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-03-18 11:42:39

ЖАКАРТА. /NHK/. Индонезийн зүүн нутгийн Папуа мужид аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас 58 хүн амиа алдсан байна. Энэ тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас мэдээлэв.


Байгалийн гамшигт үзэгдэл Папуа мужийн нийслэл Явапура хот болон түүний эргэн тойрны бүс нутгийг хамарчээ. Тухайн үеийн дүрс бичлэгүүдээс үзэхэд, орон сууцны хорооллын дүүрэг үерийн усанд автсан байна.


Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын удирдлагуудын мэдээлснээр, дээрх бүс нутагт амьдардаг 4000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүн сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа ба амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна.


Индонезид борооны улирлын үеэр үер усны гамшиг тохиолдох нь түгээмэл байдаг аж. Өнгөрсөн нэгдүгээр сард Сулавеси аралд аадар борооноос үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 50 гаруй хүн амиа алджээ. 

相关新闻