“Тогтвортой амьжиргаа-3” төслийн сургалт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-15 12:02:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс зохион байгуулж буй “Орон нутгийн хөгжлийн санг төлөвлөх болон төсөл, арга хэмжээг эрэмбэлэх” сэдэвт сургалт Говь-Алтай аймгийн төв Алтай хотноо болж байна. 

Энэхүү сургалтад тус аймгийн багийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, ОНХС-гийн ажлын хэсгийнхэн хамарч байгаа бөгөөд сум тус бүрээс 10 хүн оролцож байна. Сургалтаар Орон нутгийн хөгжлийн сангийн шинэ журмын хэрэгжилтийг ханган ажиллахад чиглэсэн гарын авлагын нэг, хоёрдугаар бүлэгт буюу багийн Засаг дарга, багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, ОНХС-гийн ажлын хэсгийнхэнд зориулсан үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж ажиллах тухай аргачлалыг заах ажээ. 

Сургалтад оролцогчдын мэдлэг, чадвар нэмэгдсэнээр суманд хуваарилагдсан ОНХС-гийн санхүүжилтээр хийх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг тухайн сумын иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төлөвлөж, эрэмбэлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

“Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь Монгол Улсын нийт сумын ОНХС-гийн үйл ажиллагааг сайжруулах зорилготой хэрэгждэг юм. Үүний хүрээнд шинээр батлагдсан “ОНХС-гийн үйл ажиллагааны журам”-ын дагуу 5 бүлэг бүхий багц гарын авлага боловсруулж, эхний 2 бүлгийн сургалтыг ийнхүү эхлүүлжээ. Сургалт энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. 


相关新闻