“Архигүй-Алтайчууд” хөтөлбөр хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор батлагдсан “Архигүй-Алтайчууд” хөтөлбөр хэрэгжиж байна.
Уг хөтөлбөр 2018-2020 онд хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажээ. Тухайлбал, Архидан согтуурсанаас эрүүл мэнд, гэр бүл, хамт олон нийгмийн амьдралд учрах хор уршгийн талаарх хүн амын мэдлэг, хандлагыг дээшлүүлэн эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, архинд донтох өвчин эмгэгийг эрт илрүүлэх, эмчлэн эдгэрүүлэх үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотой зохион байгуулах, архинаас татгалзсан, эмчлэгдэж эрүүлжсэн хүнийг нийгэмшүүлэх, дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, архидан согтуурсанаас нийгэмд учрах гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах, архи согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид тавих хяналт, нийгмийн хариуцлагыг сайжруулах зэрэг үндсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус аймгийн ЗДТГ-аас санаачлан аймгийн төвийн албан байгууллагуудаар туг дэвтэр аялуулж эхэлсэн бөгөөд эхний байгууллагаар М.Ууган-Эрдэнэ даргатай ГХБХБГ-т хүргэгдлээ. Энэхүү туг дэвтэр нь бүтэн жилийн хугацаанд 32 байгууллагаар аялах ба нэг байгууллагад долоо хоногийн турш саатах гэнэ. Энэ хугацаанд тухайн байгууллага үр дүнтэй шинэлэг ажлыг зохион байгуулж, түүнийгээ орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон аймгийн албан ёсны вэб сайтад байршуулан сурталчлах юм.