Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхээр гурвалсан гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын
2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ISO9001:2015 Чанарын удирдлагын
тогтолцооны стандартыг аймгийн ЗДТГ-т хэрэгжүүлэхээр
тусгасан байдаг. Тиймээс аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Зөвлөх байгууллага "Юнайтед Менежмент Консалтинг" ХХК, дэмжин хамтран ажиллагч Мерит төслийн багтай хамтран
ажиллах гурвалсан гэрээ байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус үйл ажиллагаанд Канадын Мерит
төслийн захирал Женнифер Адамс, хүний нөөцийн зөвлөх Рибека Чалмерс, "Юнайтед
Менежмент Консалтинг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ерөө зөвлөх, тэргүүлэх аудитор
Б. Гэрэл нар болон бусад албаны хүмүүс оролцсон байна.
Чанарын удирдлагын тогтолцоог
хэрэгжүүлснээр харилцагчийн үйлчилгээ, хариу арга хэмжээ сайжрах, нөөцийн үр
ашигтай хэрэглээ дээшлэх, бүтээмж нэмэгдэх, ашигт ажиллагаа өсөх, өрсөлдөх
чадвар, давуу тал дээшлэх, илүү урам зоригтой, хариуцлагатай хүний нөөц бий болох
гэх мэт давуу тал байгууллагуудад бий болдог хэмээн үздэг ажээ.
Тус аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, төрийн байгууллагын үйлчилгээг улам өргөжүүлэн хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэх гол арга хэлбэрийн нэг нь Чанарын удирдлагын тогтолцоо юм. Төрийн Захиргааны байгууллагадын үйл ажиллагаанд Удирдлагын менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлснээр үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэн байгууллагын соёлыг бий болгож, төрийн байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг тогтмол нэмэгдүүлдэг. Иймд Чанарын удирдлагын тогтолцоог аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд та бидний хичээл зүтгэл, оролцооноос шууд хамаарна” гээд хүн бүр эрхэлсэн ажилдаа хариуцлагатай бүтээлчээр хандан идэвхтэй оролцож амжилт дэвшил гарган ажиллахыг хүслээ.