Төрийн албаны шинэчлэгдсэн хуулийн хүрээнд сургалт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн удирдлагууд, хүний нөөц хариуцсан мэргэжилтнүүдийг өнөөдөр сургалтад хамрууллаа.
Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан түүнийг дагаж 47 дүрэм, журам шинээр гарсан бөгөөд энэ тухайд мэдээлэл өгч, арга зүйгээр хангах нь сургалтын зорилго аж. “Батлагдсан дүрэм, журмыг эхнээс нь сайтар судлах, нэгдсэн ойлголт авах, хууль, журмын хүрээнд мөрдөж, хэрэгжүүлэх өндөр хариуцлага бидний өмнө байгаа” хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ц.Ганболд хэлсэн үгэндээ онцолсон юм.
Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Энхцэцэг, тус хэлтсийн Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Бадамгэрэл нар “Төрийн захиргааны албаны удирдах, гүйцэтгэх, албан тушаалд тавигдах тусгай шаардлага”, “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”, “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам” гэхчлэн олон сэдвээр хичээл зааж, заавар чиглэл өгөв.
Хуулийн хүрээнд гарах бүх дүрэм, журам батлагдсаны дараа Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академитай хамтран аймгийн төрийн албан хаагчдыг хамруулсан нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөж байна.