Иргэдэд олгох хоёр хүртэлх сая төгрөгийг барьцаатай болгож өөрчиллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-07 15:35:18
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар / “Эрдэнэт ШУТП” ОНӨААТҮГ/ иргэдэд хоёр хүртэлх сая төгрөгийг барьцаатай олгохоор боллоо.

Өнгөрсөн онд тус парк 140 сая төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд иргэдэд хоёр хүртэлх сая төгрөгийг хүүгүй, барьцаагүйгээр, аж ахуйн нэгжид 100 хүртэлх сая төгрөгийг төр, хувийн хэвшлийн хамтын компани байгуулах зарчмаар олгохоор шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаар барьцаагүйгээр олгохоор төлөвлөж байсан төслийг өөрчилж барьцаатай олгохоор шийдвэрлэлээ. Учир нь хүүгүй олгож байгаа нөхцөлд барьцаа шаардах нь зөв гэж төлөөлөгчид үзсэн байна. Мөн гэр хорооллын хашааны газрыг банкинд барьцаа болгон авах нь дутмаг байдаг тул үүнийг өөрчилж эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэлээ. Эргэн төлөх нөхцөлтэйгээр олгох уг зээлийн эцсийн шалгаруулалтыг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд мэдээлэх гэнэ. Одоогоор төслийн материалыг хянаж байгаа аж. 

“Эрдэнэт ШУТП” ОНӨААТҮГ нь гагнуурын электрод үйлдвэрлэж түүнийгээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон бусад уул уурхайн компанид борлуулж  140 сая төгрөгийн ашиг олсон юм. Тус парк 2017 онд байгуулагдаж эхний хоёроос гурван жилдээ орон нутгийн төсвөөс санхүүжин үйл ажиллагаагаа жигдрүүлж, цаашдаа орон нутгийн төсөвт ашгийнхаа тодорхой хувийг өгч байхаар тохиролцсон юм.

 

 

相关新闻