Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “Инээмсэглэл-эерэг хандлага” уриан дор энэ сарын 06-07-ны өдөр Алтай хотноо болж байна
Зөвлөгөөнд Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн салбарын 84 байгууллагын 1000 гаруй ажилтны төлөөлөл болсон 19 сум, тосгоны нийт 70 гаруй хүн оролцож байна. Зөвлөгөөний нээлтийн арга хэмжээнд тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг дарга С.Гансэлэм, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг нар оролцож орон нутгаас Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, өнгөрсөн онуудад хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулж зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Тодруулбал, Засаг дарга С.Гансэлэм “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор 2016 оноос эхлэн бүх сумын эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг унааатай болголоо. Мөн 2013 онд шав нь тавигдсан хэдий ч барилгын явц царцанги байдалд орсон 50 ортой төрөх эмнэлэг, Цээл сумын Эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулаад байна” хэмээлээ.
Уг зөвлөгөөн нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр салбарын удирдлагууд 2018 оны ажлаа дүгнэн хэлэлцэх бол дараагийн өдөр “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор байгууллагын соёл, ёс зүй, харилцаа хандлага болон олон нийтийн оролцоонд түшиглэж эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг явуулах чиглэлээр онолын мэдлэг олгохоос гадна энэ онд архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг болохтой холбогдуулан салбарын дарга нар юуг анхаарах тухай цаг үеийн мэдээллийг хүргэнэ хэмээн тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа онцолсон юм.