Иххэт сум таван төрлөөр малаа өсгөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-05 15:14:20

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Иххэт сумын ЗДТГ “Таван эрдэнэ” малчдын зөвлөгөөнийг энэ оны гуравдугаар дугаар сарын 04-нд зохион байгууллаа.

Дөрвөн цагийн эргэлтэд нүүж сууж, малынхаа хойноос хөөцөлдөн завгүй байдаг хөдөөгийнхөнд малчдын зөвлөгөөн хотлоороо уулзалдах, ажил амьдралаа хүүрнэх, цаг агаар шинжих, хууч дурсамжаа дэлгэх боломж олгодог аж.

Малчид мал сүргээ таван төрлөөр өсгөж  нэг зуун ная гаруй толгой хүргэсэн бол айлчлан ирсэн гахай жилийн босго дээр аймгийн алдарт уяач, аварга малчин төрсөн гээд ажил хөдөлмөр өрнөсөн бүтээлч жил байсныг малчдын төлөөлөл ярив. Хойд талаараа Хэнтий аймгийн Дархан, Галшар зүүн тийшээ өөрийн аймгийн Дэлгэрэх зэрэг хурдны угшилтай сумтай хил залгадаг тул энэ нутгийн тухай хууч дэлгэн ярих онцлог зүйл нь хурдан адуу юм.

Тайж, банди болон хэнтийн Галшарын хурдан удам энд бий. Адуун сүргээ 11 мянга 36 толгойд хүргэж байсан малчид өнгөрсөн жил түмэн адууны баяраа тэмдэглэж байсан юм.

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Иххэт сумын Засаг дарга Г.Намуунзул болон  сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд оролцож малчдын талаар төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, мал аж ахуйн онол арга зүй, сайн малчдын туршлага, хөрш зэргэлдээ хилийн цэсийн талаар нэгдсэн нэг ойлголттой болох, бэлчээрийг зөв зохистой ашиглах, усжуулах, өндөр ашиг хүртэх, малын үүлдэр угсааг сайжруулах асуудлаар санал солилцож, цаашид хамтран ажиллах талаар ярилцав.

Зөвлөгөөний үеэр мал сүргээ өсгөн үржүүлж, идэвх зүтгэл гарган хөдөлмөрлөсөн тэргүүний малчид болон өнгөрсөн онд 1000 мал тоолуулсан малчид, 100 эхээс хамгийн их төл хүлээж авсан малчдыг шагнаж урамшууллаа.

相关新闻