Ачлал буянтай эхчүүдээ өргөмжиллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-05 19:02:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Дундговь аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ачлал буянтай ээж”-үүдээ алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. 

Аймгийн эмэгтэйчүүдийн холбооноос олон хүүхэд төрүүлж өсгөсөн, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ачлал буянтай ээжүүдийг жил бүр тодруулан алдаршуулдаг энэхүү үйл ажиллагааг 21 дэх жилдээ зохион байгуулж байна. 

Энэ удаа “Ачлал буянтай ээж” хэмээх энэ сайхан алдрын эзнээр 22 эх тодорч, алдар хүндээ хүртэн, хүндэтгэлийн хойморт заларчээ. 

Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос ачлал буянтай ээжүүдийнхээ алдрыг Хүндэт өргөмжлөл, мөнгөн аяга, алд цэнхэр хадгаар мялааж, Монголын эмэгтэйчүүдийн холбооны "Хүндэт тэмдэг"-ээр шагнасан юм.

2019 оны “Ачлал буянтай ээж”-үүдийн хамгийн ахмад нь 88 настай Сайнцагаан сумын харьяат У.Цэдэнжав байсан бол хамгийн залуу нь Өлзийт сумын харьяат Д.Цэцэгсүрэн 59 настай.

Хамгийн залуу ээж Д.Цэцэгсүрэн 1973 онд 13 настайдаа нэгдлийн тэмээчин болж, өнөөдрийг хүртэл тэмээн сүргээ өсгөн үржүүлж байгаа төдийгүй 1980 онд Эмнэг сургалтын спортын мастер болсон түүхтэй эмэгтэй байлаа.

“Ачлал буянтай ээж”-үүддээ зориулж Төв халхын дуулалт жүжгийн театрын хамт олон болон хүндэтгэлийн хойморт заларсан эхчүүдийн хүүхдүүд, ач, зээ нар нь ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлж, тоглолтоо толилуулжээ.  

相关新闻