Монголын Кэндогийн холбооны ерөнхийлөгчөөр Б.Самади сонгогдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-05 08:52:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Кэндогийн холбооны ээлжит бус хурлаар ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн даргаар Б.Самади, ерөнхий нарийн бичгийн даргаар М.Сарантуяа нарыг сонгожээ.


Хурал өнгөрсөн бямба гарагт Чингис Зочид буудалд болсон бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Р.Батдорж, Э.Тамир нар өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа тул шинээр УЗ-ийн гишүүдийг сонгожээ. Удирдах зөвлөлийн гишүүдээр Монголын кэндогийн холбоог үүсгэн байгуулагч Р.Батдорж, Ди Би Эм Лизинг ХХК захирал Г.Пүрэвсүрэн, Номин Констракшн Девелопмент группийн захирал У.Мөнхзул нар сонгогдсон байна.


Кэндогийн спорт манай улсад 1994 оноос хөгжиж ирсэн бөгөөд одоогийн байдлаар Монголын Кэндогийн холбоо 200 гаруй тамирчинтай. Улаанбаатар, Монгол, Бээс, Оргил, Чикара гэсэн таван клуб ажилладаг.


Дашрамд сонирхуулахад, Кэндо нь Кэн буюу илд, До буюу зам, хөгжил гэсэн утга илэрхийлдэг бөгөөд Япон Улсын үндэсний тулааны урлаг юм. Кэндогийн урлаг нь каратэ, жүдо, айкидогийн нэгэн адил тулалдах урлаг бөгөөд хулсан илдээр тулалддаг онцлогтой. Эртний Япон улсад овог хоорондын дайн тулаан ихээр болдог байснаас илдээр тулалдах арга их хөгжжээ. Харин өнөө цагт Кэндо бол өөрийгөө ялан дийлэх урлаг. Кэндочид шударга байдал, хүндлэл, баатарлаг эр зориг, нэр хүнд, энэрэнгүй сэтгэл, үүргээ  ухамсарлах, үнэнч байдлыг эрхэмлэдэг. Кэндог ямар ч насны хүн сонирхон суралцаж болно. Нийт кендочдын 60 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүд ихэвчлэн кэндогийн өмсгөл болон дайчин, спортлог байх сонирхлоор кэндогоор хичээллэдэг. Кэндод зөвхөн хулсан сэлэм бариад хүн цохих нь чухал биш. Кэндо өөрийн гэсэн дүрэм журам ёс суртахуунтай ба кэндогоор дамжин тухайн хүний хувийн амьдралд эерэг нөлөө үзүүлдэг.

相关新闻