Тонхил суманд 3,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Тонхил суманд энэ сарын 1-2-нд шилжих шөнө 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус сумын Зүйл багийн ”Баянбулагийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 24 км-т гуравдугаар сарын 2-ны 03:46 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон нь иргэдэд мэдрэгдсэн байна. Энэ тухай Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас тус сумын Засаг даргын орлогч дарга Т.Болд, ЗДТГ-ын дарга М.Хүүхнээ нараас тодруулахад, тухайн газар айл байхгүй, газар хөдлөлтийн чичирхийлэл сумын төвийн иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн, хохирол учраагүй гэв.
Говь-Алтай аймагт 2019 он гарснаас хойш газар хөдлөлт бүртгэгдээгүй ба анхны тохиолдол Тонхил суманд бүртгэгдсэн нь энэ ажээ. 3.8 магнитутын газар хөдлөлт бол сургууль цэцэрлэг, барилга байгууламж нурж, хүний амь насанд аюул учруулах хэмжээний хүчтэй биш. Ойролцоогоор дөрвөн баллын хүчтэй энэ газар хөдлөлтийн чичирхийлэл, дуу нь хүнд мэдрэгддэг байна.