“Өвсний үндэс” хөтөлбөрийн хөрөнгөөр Орхонтуул сумын Рашаант тосгоны сургуулийн барилгын их засвар хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-28 21:47:06

Сэлэнгэ/МОНЦАМЭ/Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” төслийн хүрээнд хэрэгжих Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны ерөнхий боловсролын сургуулийн барилгын их засварын ажлын төслийн гэрээнд аймгийн Засаг дарга Ш.Оргил, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

“Өвсний үндэс” хөтөлбөрийн ивээл дор  хэрэгжих энэхүү төсөл нь Орхонтуул сумын ард иргэдийн хүүхэд багачуудыг тав тухтай таатай орчинд сурах, хөгжих боломжийг бүрэн хангаж, боловсролын салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах гэсэн бодлогын зорилтыг хангахад бодитой дэмжлэг болж байгаа аж.

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр Рашаант тосгоны ЕБС-ийн 308 суралцагч, 31 багш ажилчдын сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрдэх юм байна.

“Өнөөдрийн энэхүү гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа нь биднийг улам дотно нөхөрлөх боломжийг олгож, цаашид хоёр орны болон бид бүхний хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, соёл, зэрэг бүхий л салбарт бодит хөрөнгө оруулалт хийсээр байна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Бид бүхнийг байнга дэмжин ажилладаг Япон Улсын Элчин сайдын яам, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн удирдлага, та бүхнээр дамжуулан Япон улсын ард иргэдэд талархаж байгаагаа дахин илэрхийлье” хэмээн аймгийн Засаг дарга онцлон хэллээ.

Япон улсын Засгийн газар, ард түмний зүгээс Монгол Улсад, тэр дундаа Сэлэнгэ аймагт сайн санааны үйлс, тусламж дэмжлэгийг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт үзүүлсээр иржээ. Энэхүү дэмжлэг үзүүлэхэд Элчин сайдын зүгээс оруулсан хувь нэмэр маш их бөгөөд “Өвсний үндэс” хөтөлбөрийн газар 1997-2017 онуудад эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт 23 төслийг дэмжиж, нийт 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Сэлэнгэ аймгийн хувьд тус хөтөлбөр хэрэгжсэнээр нийгмийн суурь үйлчилгээ болох эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймаг улсын тэргүүний 6 сургууль, 7 цэцэрлэгтэй болсон нь энэхүү хамтын ажиллагааны үр дүн ажээ.


相关新闻