БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр Өвөрхангайн боловсролын салбарыг сайшаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-02-28 16:22:03

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр Өвөрхангай аймгийн боловсролын салбарынхантай уулзалт хийлээ. Тэрээр “Өвөрхангай аймгийн сургалтын чанар улсын хэмжээнд тэргүүлэх түвшинд байдаг. “Чихнээс хонх уяад байдаггүй” аймгуудын нэг бол танай аймаг юм” хэмээн сайшаагаад амжилтаа улам бататгаж, нэг шат ахихад онцгой анхаарч ажиллахыг хүсэв.

2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, хөрөнгө оруулалтын ажилд тавих хяналтыг сайжруулах, 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг хөнгөвчлөх, яам, салбарын байгууллагуудын дотоод үйл ажиллагааг сайжруулах гэсэн 4 зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг хэлж, цаг үеийн мэдээлэл өглөө.

Мөн Тарагт сумын ерөнхий боловсролын сургуулийн 100 хүүхдийн дотуур байрны нээлтийн үйл ажиллагаанд оролцож, тус суманд баригдаж буй Соёлын төвийн барилга болон Арвайхээр сумын ерөнхий боловсролын  5 дугаар сургуулийн барилгын үйл ажиллагаатай танилцаж, тус хоёр барилгыг 5-р сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад өгөхийг үүрэг болголоо.

Түүнчлэн Арвайхээр сумын 11-р тусгай цэцэрлэг, 12 дугаар цэцэрлэг, аймгийн Музей, Спортын ордон, аймгийн Хүүхдийн номын өргөөний үйл ажиллагаатай танилцсан байна. Тэрээр УИХ-ын дарга Г.Занданшатарын ажлын бүрэлдэхүүнд явсан юм.

相关新闻