Универсиад наадамд оролцох багт Төрийн далбаа гардууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн оюутны спортын “Красноярск 2019” өвлийн XXIХ универсиад Их наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа үдэх ёслол Спортын төв ордонд өнөөдөр боллоо.
Ёслолд УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Джеваков Мерген Владимирович, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан болон МОСХ, Монголын цанын холбоо, Монголын тэшүүрийн холбоо, БТСГ-ын төлөөлөл оролцож, Монголын оюутан тамирчдаа “Красноярск 2019” наадамд амжилттай оролцохыг хүслээ.
БТСГ-ын 3 давхрын 303 тоот өрөөнд зохион байгуулсан уг ёслолын үеэр тус наадамд оролцох цанын спортын ОУХМ Б.Ачбадрах, тэшүүрийн спортын мастер Б.Гэрэлтуяа нар тамирчдаа төлөөлөн тангараг өргөв.
“Красноярск
2019” энэ удаагийн наадамд өвлийн спортын 11 төрөлд 60 орны 3500 гаруй
тамирчин, төлөөлөгчид оролцоно. Манай улсын хувьд цана, цанын орон зай
баримжаалах, шорт трек, уран гулгалт, фристайлын гэсэн 5 төрөлд тамирчдаа
оролцуулахаар бэлтгэлээ базаасан юм.
Ийнхүү Монголын баг тамирчид анх удаа 5 төрөлд өрсөлдөнө. Тухайлбал, цанын төрөлд Б.Ачбадрах, С.Дүүрэнбаяр, Б.Мөнхгэрэл /эр/, А.Энхтуул, Д.Оюунчимэг, Э.Ариунтунгалаг /эм/, багийг Б.Энх-Амгалан дасгалжуулна. Шорт трекийн төрөлд Б.Гэрэлтуяа /эм/, дасгалжуулагчаар Б.Сансарбилэг ажиллана. Цанын орон зай баримжаалах спортын төрөлд Д.Ганбаяр, Г.Мөнх-Эрдэнэ, Д.Бумбаяр /эр/, Ц.Мөнхчимэг, Д.Хулан, Б.Нангид /эм/ багийн дасгалжуулагчаар Ж.Батсайхан, Б.Гэрэлт-Од нар ажиллах бол уран гулгалтын төрөлд Г.Марал-Эрдэнэ өрсөлдөнө. Түүний дасгалжуулагч нь А.Шинэсаран. фристайлын төрөлд С.Тэмүүлэн, Г.Буянт /эр/ нар оролцоно. Энэ ёслолын үеэр баг тамирчдад БТСГ, МОСХ-ноос бэлтгэсэн Испанийн "Келме" брэндийн найман иж бүрдэл спортын хувцсыг захиалж хийлгэснээ гардуулан өгөв.
Манай шигшээ баг 16 тамирчин, 6
дасгалжуулагч, багийн 4 албаны ажилтан 26 хүний бүрэлдэхүүнтэй Красноярск
хотноо очих юм. Монгол Улсын Төрийн далбааг багийн тугч ОУХМ Б.Ачбадрахад БСШУСЯ-ны
Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гардуулан өгч амжилт хүслээ.
Дашрамд сонирхуулахад, Өвлийн Универсиад наадамд Монголын
баг тамирчид анх удаа 1991 оны Японы Саппоро хотноо оролцсон түүхтэй. Түүнээс
хойш 14 дэх удаагаа хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөх гэж байна. “Красноярск 2019” өвлийн XXIХ универсиад наадмыг
Боловсрол телевиз эх орондоо шууд дамжуулна.