Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа жигдэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж, 2012 онд ашиглалтад орсон боловч үйл ажиллагаа нь зогсонги байсан Хужирт, Зүүнбаян-Улаан сумын сүүний үйлдвэрийн менежмент, өмчийн хэлбэрийг өөрчлөн “Силкроуд межик” ХХК гэрээгээр ажиллуулж байна.
Тус үйлдэрийнхэн хайлмаг, гоуда, хагас зөөлөн, чеддар зэрэг дөрвөн төрлөөр бяслаг үйлдвэрлэн Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байгаа юм. Цаашид сарлагийн сүүгээр үйлдвэрлэсэн бяслагийг экспортод гаргахаар ажиллаж байна. Өвөрхангайд үйлдвэрлэсэн бяслаг Монголыг төлөөлөх өвөрмөц бүтээгдэхүүн болж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа үйлдвэрлэгчид хэллээ.
Мөн Уянга сумын хоногт 500-1000 литр
сүү боловсруулах хүчин чадал бүхий сүүний үйлдвэрийг “ӨВ СҮҮ” хоршоо ажиллуулж
байгаа бөгөөд цэвэршүүлсэн сүү, тараг, ааруул, бяслаг, зөөхий, цөцгийн тос
үйлдвэрлэж, өөрийн аймагтаа төдийгүй зэргэлдээх аймгууд, Улаанбаатар хотын зах
зээлд нийлүүлж байна. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд хангайн бүсийн “Эко сүү,
сүүн бүтээгдэхүүн”-ээр шалгарсан юм.