Цагдаагийн ажилтнууд урлагаар өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-02-26 21:23:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газар түүхт 80 жилийн ойгоо угтаж, урлагийн бага наадмыг өнгөрөгч амралтын өдрөөр зохион байгууллаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах ажлыг урлагаар дамжуулан илэрхийлэх зорилготой тус наадамд аймгийн Цагдаагийн газар, Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс, Хужирт сум дахь Цагдаагийн тасаг, Бат-Өлзий, Уянга сумдын Цагдаагийн хэсэг, бусад сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар оролцож, урлагийн 8 төрлөөр авъяас чадвараа сорилоо.

Уран уншлагаар эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Ишдорж, гоцлол дуугаар Баянгол сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч н.Нямсүрэн, гоцлол бүжгээр цагдаагийн ахлах дэслэгч Д.Лхагвасүрэн нар тус тус тэргүүн байранд шалгарч, багийн дүнгээр Уянга сумын Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Энхболд ахлагчтай “Талын шонхорууд” баг тэргүүлсэн юм.

Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх анги нь 1939 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Маршал Х.Чойбалсангийн тушаалаар  3 тасагтай байгуулагдаж байсан түүхтэй. Энэ жил тус байгууллагын 80 жилийн ой тохиож байна.

相关新闻