И.Доржсүрэн: Энэ онд 18000 орчим метр квадрат талбайг ногоон байгууламжтай болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-02-26 14:03:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2019 оныг аймгийн ИТХ-аас "Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил" болгон зарлаж, олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлэх талаар аймгийн Засаг даргын орлогч, Зорилтот жилийн ажлын хэсгийн дарга И.Доржсүрэнтэй уулзаж тодруулав.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. 2019 оны онцлох жилтэй холбогдуулан мэдээлэл өгнө үү?

-Манай аймаг жил бүр иргэдийн дунд санал асуулга явуулж, нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудаас нэн чухал нэг асуудлыг тухайн жилийн зорилтот ажил болгон түүнд улс, орон нутгийн хөрөнгө оруулалтыг чиглүүлж, хувийн хэвшил, иргэдийнхээ оролцоотойгоор амжилттай хэрэгжүүлдэг уламжлалтай. Бид 2018 оны намраас эхлэн судалгаа хийж, иргэдийн саналд тулгуурлан  орчны бохирдол, агаарын бохирдол, зам талбайн эвдрэл, зарим аж ахуй нэгж, орон сууцнуудын гадна талын өнгө үзэмж хангалттай сайн биш байгаагаас шалтгаалж, энэ оныг "Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил" болгон зарласан.

- Зорилтот жилийн хүрээнд ямар ажлууд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа вэ?

- Олон ажил хийгдэхээр төлөвлөсөн. Онцлох ажлуудаас нь тоймлож, та бүхэнд мэдээлэл хүргэе. Арвайхээр сумын гэр хороололд 13 орчим километр авто замын ажил хийгдэхээс гадна хуучин “Хаан банк”-ны уулзвараас нисэхийн уулзвар хүрэх замыг "Гэрэлт гудамж буюу жуулчны гудамж" болгож тохижуулна. Д.Пүрэвдоржийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Л.Аюуш баатрын хөшөөний орчныг тохижуулах, төв талбайн соёмбот хөшөөг шинэчлэх гэх мэт ажлууд хийгдэнэ. Мөн Арвайхээр сумын тохижилт үйлчилгээний хоёр компанийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай зам цэвэрлэгээний болон гэрэлтүүлэг солих өргөгч машин, мод шилжүүлэн суулгах машин зэрэг тоног төхөөрөмжөөр хангах болно.

-Агаарын бохирдол, тоосжилтоос хамгаалах хамгийн чухал зүйл бол ногоон байгууламж юм. Энэ жил ногоон байгууламж хэдэн хувиар нэмэгдэх вэ?

-Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. Энэ онд 18000 орчим метр квадрат талбайг ногоон байгууламжтай болгохоор төлөвлөөд байна. Энэ хүрээнд 100 орчим сая төгрөгөөр хэсэг талбайг орчин үеийн хуйлдаг зүлгээр зүлэгжүүлэх ажлыг хийж хэрэгжүүлнэ. Мөн Арвайхээр сумаас гадна бусад бүх сумдын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд аймгаас сум бүрт 1500 ширхэг модны суулгац олгоно.
Үүнээс гадна “Дэлгэрэх гол” төслийг үргэлжлүүлэн хийж, энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байна. Тодруулбал: голын баруун талын хэсгийг улсын төсвийн хөрөнгөөр зүлэгжүүлж, унадаг дугуйн зам тавьж залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Харин зүүн талын хэсэг буюу захын хажуугийн далангийн орчимд “Худалдаа эрхлэгчдийн холбоо”-оос цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачлагыг бид дэмжиж байгаа.


-Ногоон байгууламжийг бий болгосны дараа арчлах нь хамгийн чухал шүү дээ. Арчилгаанд хэрхэн анхаарал хандуулах вэ?

- Бид тарьж суулгасан мод, зүлгээ цаашид арчлах тал дээр нэлээд анхаарч байгаа. Монголчууд бид малаа сайн малладаг ч түүн шигээ ногоон байгууламжийг арчилж, ургуулж чаддаггүй.

Аймгийн хэмжээнд тарьц суулгацын хэд хэдэн компани үйл ажиллагаагаа явуулж байгаа ч арчилгааны компани одоогоор байхгүй л байна. Иймээс ногоон байгууламжийн арчилгааны компанид тодорхой хэмжээний газрыг хариуцуулан дэмжин ажиллах шийдлийг гаргаж байгаа. Хамтран ажиллах компаниуд бидэнтэй энэ чиглэлээр холбогдох боломжтой. Мөн орон нутгийн өмчит тохижилт үйлчилгээний компаниудаа арчилгааны тал дээр анхаарлаа хандуулан ажиллуулах нөхцөлөөр хангана. Сум бүрийг ногоон байгууламжийн арчилгаа хариуцсан гэрээт ажилтантай болгох, байгууллага, аж ахуйн нэгж бүрийг аль нэгэн ажилтандаа энэхүү ажлыг хариуцуулах үүрэг, чиглэлийг өгч байгаа.
-Орон нутгаас төсөв гарган тодорхой газруудад жил бүрийн зун цэцэг суурилуулдаг. Гэсэн ч энэ нь тун удалгүй хагдарч унадаг. Энэ жил мөн л хөрөнгө үр ашиггүй мэт зарцуулагдах байх гэсэн иргэд олон байна. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Бид зорилтот жилийн ажлыг үр дүнтэй болгож аймаг, орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулахын төлөө олон санал, санаачилга гарган ажиллаж байгаа. Ажлын хэсэг дээр энэ асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд санал зөрөлдөх тохиолдол гарч байна. Дээрх цэцгүүд нь зуны цагтаа хэрэгтэй байдаг уу гэвэл хэрэгтэй. Мөн дараа нь хагдарч унаад үр дүнгүй болдог уу гэвэл бас л тийм. Иймээс энэ жил гоёлын модыг түлхүү тариалах тал дээр анхаарч, цэцэгийн тариалалтыг аль болох багасгах болно.
-Тохижилтын ажлын хүрээнд Арвайхээр сумын хуучин барилгуудыг засварлах ажил багтсан гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн ажлын хүрээнд Арвайхээр сумын зарим өнгө, үзэмж муудсан нийтийн орон сууцнуудын гадна фасадыг засч сайжруулахаар төлөвлөсөн. Мөн зам талбайн засварын ажлын хүрээнд төв замын баруун, зүүн 36 айлын 2 орон сууцны гадна талбай, 2, 4 дүгээр сургуулийн гадна талбай, 1 дүгээр сургуулийн баруун тал буюу захын орчмын замын зогсоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон зарим цэцэрлэгүүдийн гадна талбайг засч сайжруулахаар төлөвлөгдсөн. Мөн нойлын асуудал тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа учир хотын төвийн хэсгүүдэд орчин үеийн бие засах газруудыг суурилуулах ажил хэрэгжихээс гадна хог ангилан ялгах, хогийн савыг сайжруулах зэрэг ажлууд төслийн хэмжээнд яригдаж байна.
Зорилтот жилийн ажлыг гүйцэтгэхэд хэдэн төгрөгний төсөв зарцуулах вэ?

-   Салбар бүрт улс, орон нутгийн төсвөөр олон ажил хийгдэх байгаа. Ойролцоогоор 15 орчим тэрбум төгрөгийн төсөв зарцуулагдахаар төлөвлөгдсөн.
Бидэнд цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

-  Зорилтот жилийн ажлын мэдээллийг иргэдэд дамжуулан хүргэсэн та бүхэнд ажлын амжилт хүсье. Ярилцлагын төгсгөлд нийт төрийн болон ТББ, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд та бүхнийг амьдарч буй газар, орчныхоо зам талбай, өнгө үзэмжийг сайжруулах тал дээр бидэнтэй хамтарч ажиллахыг уриалж байна.

Ярилцсан: О.Отгонцэцэг

相关新闻