Нийлэг уутаар үйлчилвэл Зөрчлийн тухай хуулиар торгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-02-21 15:06:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ирэх сарын нэгнээс эхлэн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд хэрэглэх, үйлдвэрлэж импортлохыг хориглох шийдвэр гарсан. Тиймээс дэлгүүр болон үйлчилгээний газрууд дээрх төрлийн уутыг ашиглахгүй байхыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санууллаа.

Тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаанд хориглосон бүтээгдэхүүн хэрэглэсэн зөрчил илэрсэн тохиолдолд хуулийн дагуу хурааж авах, устгалд оруулах арга хэмжээ авна. Мөн зөрчил гаргасан аж ахуй нэгж байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 6.1.4 дүгээр заалтад “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 3000 мянган нэгж буюу гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” хэмээн заажээ.

Байгальд хортой хог хаягдлын нэг гялгар уутыг дэлхийн 60 гаруй орон хэрэглэхийг хуулиар хориглоод байна. Нийлэг уут нь хөрсний өнгөн хэсгийг үхжүүлж, усыг бохирдуулахаас гадна, хар тугалга их хэмжээгээр агуулдгийг эрдэмтэд тогтоожээ. Мөн гялгар уут нь элэг, ходоод, нойр булчирхай, хорт хавдраар өвчлөх гол шалтгаан болдог байна.

相关新闻