Хууль сахиулах тухай хуулийн төслийг хаврын чуулганаар батлуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам хамтран Хууль сахиулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлснийг хоёрдугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байгаа. Одоогоор хуулийн төслийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганбат ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл, Д.Оюунхорол, Х.Тэмүүжин нар орж ажиллаж байна.
Манай улсад хууль сахиулах буюу нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэл, журмыг салбар тус бүрийн хуулиар зохицуулж байна. Энэ байдал нь хууль сахиулах ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлж, улмаар хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулахад хүргэж байгаа аж. Иймд дээрх шаардлагыг харгалзан хуулийн төслийг боловсруулсан байна.
Байнгын хорооны дарга Д.Ганбат хаврын чуулганаар Хууль сахиулах тухай хуулийн төслийг батлуулснаар Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах суурь нөхцөл болно гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Энэ үеэр холбогдох албаныхан хуулийн төсөл, түүнтэй уялдаатай асуудлаар танилцуулга хийж хэлэлцүүлсний зэрэгцээ өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
Б.Туул