Британи дахь монголчууд хандивын гүйлтэд оролцож, 5000 фунт цуглуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Британийн Хавдар Судлалын байгууллага (БХСБ)-ас энэ сарын 03-нд зохион байгуулсан тав дахь удаагийн “Хавдрын эсрэг олон нийтийн гүйлт”-д тус улсад амьдарч буй Монгол Улсын 30 гаруй иргэн нэгдэж, 5000 фунтын хандив цуглуулсан байна.
БХСБ нь 2002 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авдаггүй, олон нийтийн дэмжлэгт тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн байгууллага юм. Тус байгууллага хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлох, анагаах, хавдраар өвчилсөн хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөхний хавдар туссан монголын хоёр иргэнд туслан эмчилгээнд хамруулж байжээ. Тиймээс БХСБ-ын буяны санд хандив цуглуулахад монголчуудын оролцоог нэмэх зорилгоор Британид ажиллаж амьдарч буй Д.Үднаран хэмээх бүсгүй олон нийтийн сүлжээн дэх өөрийн хуудсаараа дамжуулан “Хавдрын эсрэг олон нийтийн гүйлт”-д оролцохыг уриалжээ.
Уг уриалгад Лондон, Манчестер, Охфорд, Кэмбридж, Кэнт, Сюррид амьдардаг 30 гаруй Монгол иргэн нэгдэж, гурван сар бэлтгэл хийсэн бөгөөд Британи-Монгол иргэдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, сурталчлан таниулах зорилго бүхий “Жи-СтудиоМН” гэрэл зургийн студи хамтран ажиллажээ.
“Хавдрын эсрэг олон нийтийн гүйлт”-д нийт 30 мянга гаруй хүн оролцсон бөгөөд Монголын баг 5000 фунтын хандив цуглуулсан байна. Энэ нь монголчууд нэгдэж, олон буяны ажлыг эхлүүлэх суурь болж байгааг гүйлтэд оролцогчид дурдаж байв. Мөн дараа дараагийн “Хавдрын эсрэг олон нийтийн гүйлт”-д оролцож, хүрээгээ тэлэх зорилго тавьсан байна.
БХСБ нь санхүүгийн
тайлангаа жил бүр нийтэд танилцуулдаг байна. Тус байгууллага 2018 онд 634 сая фунтын
хандив цуглуулсан бөгөөд үүний 49 сая нь зөвхөн спортын арга хэмжээнээс цуглуулсан
байна. Хандивийн 1 паунд тутмын 80 пенсийг нь хавдараас урьдчилан сэргийлэх, эмчлэх
зэрэгт зарцуулдаг бол 20 пенсийг Хандивийн санд цуглуулдаг байна.