Ахмадын футзалын улсын аварга багууд шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ахмадын футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ долоо хоногийн турш, таван насны ангилалд 50 багийн дундах ширүүн тоглолтуудаар өрнөж, баасан гарагт /2019.02.01/ аваргуудаа тодрууллаа.
Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос жил бүр зохион байгуулдаг тус тэмцээний 37-42 насны аваргын алтан медалийг Улаанбаатар Сити баг хүртсэн бол тэдэнд 6:1-ээр хожигдсон Замчин баг мөнгөн медалиар энгэрээ мялаав. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Тулга баг өрсөлдөгчөө 3:2-оор буулган авч, хүрэл медалийн тавцанд гарсан байна.
Харин 43-48 насны ангилалд Оюутан баг хүрэл медаль хүртсэн бол шигшээ тоглолтод Сэлэнгэ-Замчин баг аваргын алтан медалийн эзэн болж, Улаанбаатар Сити мөнгөн медаль хүртлээ. Мөн 49-54 насны ангилалд алтан медалийн төлөөх тоглолт тун сонирхолтой өрнөж Эрчим - Оюутан багуудын тоглолт үндсэн цагт 3:3-аар тэнцэв. Ингээд торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад, Эрчим 6:5-аар аваргын алтан медалийг зүүлээ. Харин тэдний хамт Хөдөлмөр хүрэл медалийн эзэн болсон байна.
Монголын өмгөөлөгчдийн холбооны баг 55-59 насны ангилалд хүрэл медалийн эзэд болж Шинэ Яармаг мөнгөн медаль, Бага тойрог баг аваргалж алтан медаль хүртлээ. Тэмцээний хамгийн ахмад насны ангилал буюу 60-аас дээш насанд Хөдөлмөр клуб аваргын алтан медалиар энгэрээ мялааж, Соёмбын Барсууд болон Эрдэнэт-Багануур багууд удаалав.