"Сахалин - 2019" спортын наадамд оролцох тамирчдад амжилт хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр "Сахалин-2019" анхдугаар өвлийн спортын наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдад хүндэтгэл илэрхийлэх ёслол Спортын төв ордонд боллоо.
ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалин хотноо хоёрдугаар сарын 08-17-нд “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам болох юм.
Хүүхэд
багачууд, залуу үеийнхэнд олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах, өвлийн спортыг түгээн
дэлгэрүүлэх, олон улсын спортын хамтын ажиллагааг бэхжүүлэх гол зорилготой энэ
наадамд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн орнууд, Москва хот, Урал, Сибир, Саха,
Алс Дорнод, Башкорстан, Татарстан болон Сахалинск мужийн нийт 20 гаруй багийн
1500 гаруй тамирчид спортын 8 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа
сорин өрсөлдөнө.
Ёслолд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, "Сахалин - 2019" Монголын багийн ахлагч Ч.Амарсанаа, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, БТСГ-ын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр нар оролцож баг тамирчдад амжилт хүслээ.
Энэхүү наадамд Монгол улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд нийт 13 тамирчин оролцоно. "Сахалин - 2019" наадмыг MNB телевизийн Sport HD сувгаар шууд дамжуулна.