Мөсөн шагайн харвааны УАШТ ирэх сарын 16-17-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-31 17:51:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд мөсний шагайн харвааны УАШТ-ийг хоёрдугаар сарын 16-17-нд Богд хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна.


Өнө зууны түүхтэй уламжлалт шагайн харвааг сэргээх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчилах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр нутаг нутгийн харваачид нэг дор хуран цуглаж энэхүү тэмцээн наадмыг зохион явуулж иржээ.


Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол үндэстний баяр Наадам, Монгол үндэстний хөөмийн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол шагайн харваа гэсэн долоон өв бүртгэлтэй байна.


Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулах нь Монголын түүх соёлыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсний баталгаа бөгөөд тухайн өвийг олон улсад таниулах, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах ач холбогдолтой юм. ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2014 онд бүртгэгдсэн “Шагайн харваа” нь нүүдэлчдийн амьдрал ахуйд тулгуурласан Монгол ардын наадгайгаас үндэсний спорт наадам болж хөгжиж байна.


Монголчууд "эрхийн чинээ биетэй, эрдэнийн дөрвөн талтай" хэмээн шагайг ардын оньсогодоо зүйрлэн хэлдэг төдийгүй хонь, морь, тэмээ, ямаа хэмээн нэрийдэж үр хүүхдээ малд хайртай болгон хүмүүжүүлж иржээ. Одоо цагт Цагаан сарын үеэр шагайгаар түгээмэл нааддаг бөгөөд гадаадын жуулчдын сонирхлыг ихээр татдаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болжээ.


Та бүхнийг “Улаанбаатарын өвлийн наадам”-д хүрэлцэн ирж айлчлан ирж буй “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн аз хийморийг мөсөн шагайн харваагаар шинжихийг урьж байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

相关新闻