Соёлын өвийг шилдэг тээн уламжлагчид БСШУСЯ хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-01-30 15:40:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын соёлын биет бус өвийн шилдэг тээн уламжлагчаар шалгарсан 87 настай Д.Дуламыг БСШУСЯ-ны Соёл урлагийн боловсролын газрын дарга Б.Сэргэлэн болон холбогдох албаныхан хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ. Энэ жил анх удаагаа Соёлын биет бус өвийн шилдэг тээн уламжлагчийг шалгаруулж хүндэт өргөмжлөл, 30 сая төгрөгөөр шагнасан юм.


Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, уртын дууч Д.Дулам бага насандаа ээжээрээ уртын дуу заалгажээ. Төв Халхын уртын дууны дэг сургуулийг биежүүлэн хадгалж, түгээн дэлгэрүүлэгч тэрбээр нутаг орондоо “Дөмөн Дулмаа” хэмээн алдаршсан бөгөөд “Дөмөн” уртын дууг эмэгтэй хүний хоолойн хамгийн дээд өнгөнөөс эхлэн дуулдаг онцлог арга барилыг эзэмшсэн байна.

Тэрбээр Бүх ард түмний урлагийн их наадам, Язгуур урлагийн удаа дараагийн тэргүүн шагнал, Соёлын яамны жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнуулж байсан ардын авьяастнуудын нэг  юм.


Уртын дууч Д.Дулам хэлэхдээ, “Архангайн театрын Лувсаншарав гэдэг хүн надад анх уртын дуу дуулах, лимбэ, морин хуур тоглохыг заасан. Дөмөн дууг дуулахад хүмүүсийн хоолойн өнгө тэр бүр хүрдэггүй учраас хүмүүс дуулж сурах гэж оролдоод, чадахаа байхаараа орхидог их хэцүү дуу. Уртын дууг дуулж явбал ажил үйлс бүтэмжтэй сайхан болдог. Залуу үеийнхэн маань уртын дуугаа сонирхон сурч байгаасай гэж хүсдэг дээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Шилдэг өвлөн уламжлагчид олгож буй энэхүү шагнал нь монгол хүний үнэлэмж, өвлөн уламжлагчийн үнэ цэнийг нэмэгдүүлж, монгол түмний ёс заншил, эрдэм мэдлэгийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулахад чухал хувь нэмэр оруулна хэмээн салбар яамныхан үзэж буй юм.


Д.Урансолонго


相关新闻