Баян-Өлгийд үйлдэгдэж буй зөрчлийн хэргийн 92,7 хувь нь архинаас үүдэлтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн онд 234 хүнд холбогдох 232 зөрчлийн хэргийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн байна.
Тодруулж хэлбэл, танхайрах
зөрчил үйлдсэн тав, хүний биед халдах зөрчил үйлдсэн нэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 76, хулгайлах
зөрчил үйлдсэн 24, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн
хэрэгсэл жолоодсон хоёр, эрхийн үнэмлэхгүйгээр согтуугаар тээврийн
хэрэгсэл жолоодсон 124, шүүх хуралдааны дэг журам зөрчсөн нэг
хүнд тус тус хуульд зааснаар
торгох, баривчлах шийтгэл
оногдуулжээ.
Үүнээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 76 хүнд 15-30 хоногийн хугацаагаар
баривчлах шийтгэл оногдуулсан бөгөөд энэ нь шүүхээр
шийдвэрлэгдсэн нийт зөрчлийн хэргийн 32 хувийг эзэлсэн
байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдийн 95 хувь нь уг зөрчлийг согтуудаа
үйлдсэн бол хулгайлах зөрчил үйлдсэн 24 хүний 16 нь зөрчил үйлдэх үедээ согтууруулах
ундааны зүйл хэрэглэсэн байжээ.
Зөрчлийн
тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасан эрхийн
үнэмлэхгүйгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил үйлдсэн 124 хүнд
шүүхээс 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна. Энэ нь нийт шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн 53,4
хувийг эзэлж байна.
Баян-Өлгий аймагт зөрчлийн
хэрэг үйлдэж, шүүхээр шийтгүүлсэн нийт 234 хүний 217 хүн буюу 93 хувь нь согтууруулах
ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөрчил үйлдсэн бөгөөд үйлдэгдэж буй зөрчлийн
хэргийн 92,7 хувь нь архинаас үүдэлтэй байна.