Монголын морин спорт, уяачдын холбоо шинэ тэргүүнтэй боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны ээлжит VII их хурал “Эв нэгдэл-хамтын шийдэл” уриан дор болж өчигдөр /01.24/ болж, шинэ ерөнхийлөгчөөр Цогтын Батсайханыг сонгожээ.
Хуралдаанаар холбооныхоо тайлан илтгэл тавьж,
санал шүүмжлэл хэлэлцүүлэг өрнүүлж, төгсгөлд ММСУХ-ны шинэ ерөнхийлөгчийг сонгосон
байна. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш түр орлон
гүйцэтгэгчтэй байсан билээ.
Төв
аймгийн Батсүмбэр сумын уугуул Ц.Батсайхан нь Монгол Улсын тод манлай уяач бөгөөд авто
спортын мастер, "Айзам" хамтлагийн дуучин, "Симба" группын
захирлын алба хашдаг.
Ц.Батсайхан нь 1975-1985 онд Улаанбаатар хотын 10 жилийн 40 дүгээр дунд сургуульд суралцсан.
1990-1994 онд ОХУ-ын Новосибирск хотын Их Сургуульд суралцаж, эдийн засгийн мэргэжил эзэмшсэн.
1988-1992 онд Соёл, Урлагийн Их Сургуульд суралцаж, төгссөн.
Ажлын дадлага, туршлага:
2018 оны 7 дугаар сараас хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал
2011-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны Мал хамгаалах сангийн гүйцэтгэх захирал
2008-2011 онд ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал
2007-2008 онд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн Мах боловсруулах үйлдвэрийн Гүйцэтгэх захирал
2004-2007 онд “Симба” группын Ерөнхийлөгч
1995-2004 онд “Цагаан Ноён” ХХК-ийн Ерөнхий захирал
Мөн энэ хурлын үеэр хурдан морьдыг сэрвээний өндрөөр
хэмжихээр тогтсон бол төвийн бүсийн хаврын “Дүнжингарав” уралдааныг сар шинийн
14-нд зохион байгуулахаар хэлэлцсэн байна.
Дашрамд
сонирхуулахад, ММСУХ-ны анхны тэргүүнээр Галбадрахын Пунцагбалжир агсан ажиллаж
байсан бол, улсын алдарт уяач У.Буяндэлгэр, тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ, улмаар
УИХ-ын дарга М.Энхболд нар сонгогдон ажиллаж байлаа.