Монгол, Туркийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан марк гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, БНТУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр орны шуудангийн байгууллагууд хамтран дурсгалын марк гаргах болжээ.
Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ оны зургадугаар сарын 24-нд тохиох бөгөөд дурсгалын маркийн агуулга, сэдвийг тодорхойлох, зохион байгуулалтын ажлыг төлөвлөх зорилгоор УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгээс зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Монголын газар нутагт туркчүүдийн үлдээсэн түүхийн өв олон бий. Тухайлбал, Орхоны хөндий дэх түрэгүүдийн түүхэн дурсгал, Билгэ хаан, Культегин, Тоньюкукийн хөшөө дурсгал зэргийг нэрлэж болох юм. Түүнчлэн 2000-2003 онд Хөшөө цайдамд хийсэн археологийн малтлага, судалгаагаар Билгэ хааны алтан титэм, хатдын өмсгөлийн алт, мөнгөн чимэглэл, тахилын алтан аяга, мөнгөөр хөөмөлдөж алтаар шарсан буга зэрэг нэн ховор олдворыг нээсэн юм. Харин БНТУ-д Ил хаадын дурсгал, Эрзурум хотод монгол ноёны байгуулсан гүүр, нутгийн иргэдийг татвараас чөлөөлсөн талаарх Монгол хаадын шийдвэрийг цайзын хананд сийлсэн бичээс зэрэг монголчуудтай холбоотой өв хадгалагдаж буй юм. Тиймээс марканд дээр дурдсан түүх, соёлын өв, хоёр орны найрсаг харилцааг дүрслэх хэрэгтэй гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдлээ.
Уулзалтад УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, Монгол Улсаас БНТУ-д суух Элчин сайд асан Б.Батхишиг, “Монгол шуудан” компанийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар болон марк цуглуулагчид оролцов.