“Хүрээ цам-108” үзэсгэлэнг Мексикт дэлгэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуягийн “Хүрээ цам-108” үзэсгэлэнг Мексикийн Нэгдсэн Улсын нийслэл Мехико хотын Дэлхийн соёлын үндэсний музейд өнгөрсөн долоо хоногт нээлээ.
Үзэсгэлэн
нь мексикийн ард түмэнд буддын
шашны гүн ухаан, цамын багт дүрсэлсэн
утга билэг, монголын ард түмний өв соёл, урлагийн өвөрмөц уламжлалыг танилцуулах, Монгол, Мексикийн
ард түмний харилцан ойлголцлыг сайжруулах
холбогдолтойг Монгол Улсаас АНУ-д
суугаа ЭСЯ мэдээлжээ.

Соёлын элч Н.Ганхуяг гучаад жилийн өмнөөс цамын баг урлаж эхэлжээ. Цам бүжгийн бурхад болох 108 цамын бүрэн баг, өмсгөлийг 2007 онд хүч хөдөлмөрөөр бүтээн, олон нийтэд дэлгэж байсан юм. Үүнээс хойш тэрбээр эх орондоо
төдийгүй гадаадын улсуудад монгол
цамыг сурталчлан таниулсаар ирсэн
байна.
Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Мексикийн Нэгдсэн Улс дахь Монгол Улсын Өргөмжит консулын дэмжлэгээр үзэсгэлэнг толилуулж байгаа ажээ.


Ulaanbaatar