Монголчуудын гоёл чимэглэл, хувцас, эд өлгийн холбогдолтой 100 гаруй үзмэрийг дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. “Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” тусгай үзэсгэлэнг Монголын үндэсний музейд өнөөдөр нээлээ.
Энэхүү үзэсгэлэн нь монголчуудын хувцас, гоёл чимэглэлийн түүхэн хөгжил, хувьсал, өөрчлөлтийг харуулах зорилготой юм. Үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт хадгалж буй гоёл чимэглэл, хувцас, эд өлгийн холбогдолтой 100 гаруй үзмэрийн зүйлийг дээжлэн, дагалдах судалгааны бичвэр, хураангуй тайлбар, гар зураг, гэрэл зургийг толилуулж байна.
Тухайлбал, он цагийн хувьд хамгийн эртний үзмэр нь неолитын үеийн сувс, чулуун зэвсгийн үед хамаарах тэмээн хяруулын өндөгний хальсан зүүлт, гахайн соёон зүүлт зэрэг багтжээ.
Мөн тус үзэсгэлэнгээс Монголын эзэнт гүрний үеийн монгол хатны богтаг малгайн “алтан цог” чимэглэл, XIX-XX зууны эхэн үеийн язгууртны дээл, хувцас монгол түмний гайхамшигт өв, соёлын илэрхийлэл болсон үнэт үзмэрүүдийг үзэх боломжтой.
Энэ тухай Монголын үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны төвийн дарга Ч.Баяндэлгэр, “Үзэсгэлэнд Хүннү, Түрэг, Уйгар болон дундад зууны үеийн хээ чимэглэлтэй хувцас, гоёл чимэглэлийн төрөл бүрийн үзмэрийг толилуулж байна. Энэхүү үзэсгэлэнгээр нүүдэлчдийн уламжлалт гоёл чимэглэл болон хувцас хэрэглэл нь зөвхөн эд хэрэглээ бус, ёс заншил, ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлэг, бэлгэдлийн өргөн утга агуулдаг болохыг таниулах юм. Мөн эрт дээр үед бидний өвөг дээдэс ямар хувцас, гоёл хэрэглэж байсан, тэр нь хэрхэн үе дамжин хадгалагдан ирснийг харуулж, монгол соёлын олон мянган жилийн дархлааг үзэгчдэд ойлгуулахыг зорьсон" гэв.
Тус үзэсгэлэнг 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл дэлгэнэ.










Ulaanbaatar