"Цагаан сар"-ыг угтан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-14 13:17:10
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Цагдаагийн газраас “Цагаан сар 2019” аяны талаар мэдээлэл хийлээ. Жил бүрийн цагаан сарын баярын үеэр Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд энэ жил малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах ажээ.

Учир нь махны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор малын хулгай ихсэх эрсдэлтэй гэнэ. Он гарсаар энэ төрлийн гэмт хэрэг нэг гарсан байна. Тодруулбал,  Даваат багийн иргэн Г-ийн хашаанаас шүдлэн үхэр алга болжээ. Үүнийг иргэн М үйлдсэн бөгөөд хулгайлсан үхрээ Бугат суманд ойд уясан байсныг илрүүлжээ. Өнгөрсөн онд Орхон аймагт малын хулгай 7, 2017 онд 13 гарсан байна.

“Цагаан сар 2019” нэгдсэн арга хэмжээний үеэр Цагдаагийн байгууллагын 400 гаруй албан хаагч таван хэсэгт хуваагдан, нэг хэсэг нь 2-3 багийг хариуцан ажиллах ажээ. Баярын үеэр ууц, бууз болон орон байрны хулгай их гардаг тул удаан хугацаагаар шинэлэх болон айлд зочлох бол иргэд хажуу айл, тухайн багийн Цагдаагийн хэсгийн байцаагч, багийн Засаг даргын ажлын албанд мэдэгдэж гэрээ захиж үлдээхийг анхаарууллаа. Мөн их хэмжээний бэлэн мөнгө биедээ  авч явахгүй байхыг онцгой анхааруулсан юм. 

相关新闻