STEM сургалтын анхны уралдааныг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас STEM сургалтын анхны уралдааныг 1 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Уралдаанд 26 сургуулийн 56 багш, 27 сургуулийн 108 сурагч гурван төрөлд оюун ухаан, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Сурагчид загвар угсарч, угсарсан загвараа танилцуулан STEM сургалтаар олж авсан мэдлэг, чадвараа шалгуулсан бол багш нар дээд түвшний загвар угсрах, угсарсан загварыг заах хичээлийн төлөвлөлт бичих зэргээр уралдаанд оролцлоо. “STEM боловсролыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд өгөгдсөн гэрийн даалгаврыг оролцогчид маш сайн гүйцэтгэж, хүүхдэд хэрэгтэй кабинет байгуулах, сургалтад ашиглагдах тестийн сан, хэрэглэгдэхүүний сав, хайрцаг, самбар зэрэг олон зүйлийг сэтгэж хийсэн. Багш, сурагчдын ур чадвар, техник сэтгэлгээ, инженерчлэл оюуны хурд сайн байна” хэмээн зохион байгуулагчид, шүүгчдийн зүгээс үнэлэлт дүгнэлт өгөв.
Уралдаанд нэгдсэн дүнгээр Хархорин сумын 2 дугаар сургуулийн багш, сурагчид тэргүүн байрыг эзэлж, Арвайхээр сумын 1 дүгээр сургууль, Бат-Өлзий сумын ЕБ-ын сургууль удаах байруудад тус тус шалгарлаа.
Энэхүү уралдааныг уламжлал болгон зохион байгуулах бөгөөд тэргүүн байр эзэлсэн Хархорин сумын 2 дугаар сургууль анхны шилжин явах цомын эзэн болж 2019-2020 оны хичээлийн жилийн уралдааныг зохион байгуулахаар болсон юм.
СТЕМ боловсрол нь байгалийн ухаан, технологи, инженерчлэл, математикийн ухааны нэгдмэл боловсрол олгохыг хэлэх бөгөөд тоглоом бүхий сургалтын хэрэглэгдэхүүнээр хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх сургалт аж.