Малчид малын гаралтай хүнсний эрүүл хэрэглээний талаар бодит ойлголттой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-09 20:55:29

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн 400 гаруй малчин өнгөрсөн жил мал эмнэлгийн үйлчилгээ, мал сүргээ эрүүл байлгах, малын эм эмчилгээг хэрхэн хийх талаарх сургалтад хамрагджээ.

Сургалтын үр дүнд, малчид үйлдвэрлэгчид өөрсдөө дур мэдэн малдаа янз бүрийн эм тариаг таавраар хэрэглэхгүй байх, гарал үүсэл нь баталгаагүй хямд эм тариаг зах зээлээс авахгүй байх, малын арьсны болон дотрын шимэгчгүйтгэх эмчилгээ хийсний дараа эмийн хүлээх хугацааг чанд мөрдөх, эмчилгээний дараа эмчилсэн малыг шууд нядалж хүнсэнд хэрэглэхгүй байх, эмчилсэн малынхаа сааль сүүг ашиглахгүй байх зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүн, малын гаралтай хүнсний эрүүл хэрэглээний талаарх бодит ойлголттой болсон талаарх мэдээллийг аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Нэмж дуулгахад малчид сургалтад хамрагдсанаар мал эмнэлгийн үйлчилгээг тогтмол хүлээн авах, мал сүргээ эрүүл байлгах, малын гаралтай бүтээгдэхүүнийг цэвэр аюулгүй байлган зах зээлд нийлүүлэх талаарх мэдлэгтэй болжээ. Мөн малын эгэл биетэн, хачиг, шавьж, хорхой зэрэг дөрвөн бүлгийн 100 гаруй төрөл, зүйлийн шимэгч, 70 гаруй шимэгчит өвчний талаарх мэдээллийг сонсож малын өвчнийг ангилан ялгах дадалтай болсон байгаа. Сургалтууд нь дадлага хосолсон байснаас гадна энэ үеэр оролцогчид сургалтаас авсан мэдлэг, мэдээлэлдээ тулгуурлан амьтны шимэгч, шимэгчит өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах өөрсдийн мэдлэг, туршлагаа харилцан солилцож, сургагч багш нараас нэмэлт тайлбар зөвлөмжийг авч байсан нь малчдад үр дүнтэй сургалт болсон тухай тус газраас нэмж дуулгав. 

相关新闻