Австрали дахь дипломат төлөөлөгчийн газруудад сэжигтэй илгээмж иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАНБЕРРА. /CNBC/. Австрали дахь Элчин
сайдын яам болон Консулын 14 газарт сэжигтэй илгээмж ирсэн тухай тус улсын олон
нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснийг иш
татан уламжлав.
"Ямар нэг хохирол учирсан талаархи мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байгаа
бөгөөд холбогдох албаны мэргэжилтнүүд сэжиг бүхий илгээмжүүдийг шалгаж байна" гэж Австралийн Холбооны цагдаагийн газар мэдэгдсэн байна.
Илгээмж ирсэн Элчин сайдын яам болон Консулын газрын талаархи дэлгэрэнгүй
мэдээллийг цагдаагийн газраас өгөөгүй боловч Австралийн олон нийтийн мэдээллийн
хэрэгслүүдийн мэдээлснээр, АНУ, Их Британи, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон,
Пакистан, БНСУ, Герман, Грек, Испани, Сейшелийн арлууд, Швейцарь, Хорват болон
Египетийн дипломат төлөөлөгчийн газарт илгээмж ирсэн ажээ.
АНУ болон Их Британийн Консулын газрын төлөөлөгчид сэжигтэй илгээмж ирсэн тухай албан ёсоор мэдээлээд байгаа юм байна. “Хэргийг мөрдөн шалгаж буй ажилтнуудад илгээмжийг хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгсөн” гэж АНУ-ын Консулын газрын мэдэгдэлд тэмдэглэсэн байна.