Н.Лхамаа “Дакар ралли-2019” уралдааны II гараанд 75-д хурдаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөд Америкийн Перу улсад үргэлжилж байгаа “Дакар ралли-2019” уралдааны хоёр дахь өдрийн гараанд ОУХМ Н.Лхамаа 342 км үргэлжилсэн элсэн цөлийг 5 цаг 8 минутад туулж 75 дугаар байрт орлоо.
Ийнхүү тэрээр, нийт дүнгээр 93 дугаар байранд эрэмблэгдэж байна. Өчигдөр буюу эхний гараанд ОУХМ Н.Лхамаа замаасаа төөрч хяналтын цэгт торгуулж 128 дугаар байрт жагссан ч, ийнхүү амжилтаа урагшлуулж чадлаа.
Тэмцээний хоёр дахь өдрийн гарааны мотоциклын ангиллыг Австри улсын тамирчин "Рэд Булл КТМ" багийн гишүүн Маттиас Валкнер тэргүүллээ. Харин түүний араас "Монстер Энержи Хонда" багийн хоёр ч тамирчин зуузай холбон оржээ.
Дакар Раллигийн мотоциклийн төрөлд уралдаж байгаа ОУХМ Н.Лхамаа хоёрдугаар гараанд гарахын өмнө: “Өчигдөр 84 км замыг туулж байсан бол өнөөдөр 342 км элсэн цөлийг туулах учраас хэцүү уралдаан болно. Пискогоос Сан Хуан дэ Маркона хүртэл өнөөдрийн уралдаан болно” гэжээ.
Н.Лхамаа “Дакар ралли”-д мотоциклын төрлөөр 2013,
2014 онд уралдсан бөгөөд гурав дахь удаагаа 2015 онд автомашины төрлөөр “Дакар
ралли”-д уралдан замаа амжилттай дуусган финиш медальтан болж байсан билээ.
Харин энэ удаа дөрөв дэх удаагаа мотоциклын төрлөөр хурд, ур чадвараа сорьж финиш
хийх зорилготой уралдаж байна.