"Утгын чимэг" наадмын тэргүүнээр С.Дамдиндорж тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-09 12:14:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МЗЭ-ээс жил бүр зохион байгуулдаг “Утгын чимэг” наадам өчигдөр Хүүхдийн ордонд боллоо. МЗЭ-ийн 90 жилийн ойтой давхацсан, 22 дахь удаагийн энэхүү наадамд МЗЭ-ийн  шагналт яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж "Гурван хэмжээс" өгүүллэгээрээ тэргүүлэв.

МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ "Олон болоорой" өгүүллэгээрээ дэд байрт, зохиолч Б.Цоожчулуунцэцэг "Булангийн зогсоол" өгүүллэгээрээ гутгаар байрт шалгарлаа.

Харин тусгай шагналыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүхийн “Алтан хундага”, зохиолч Ц.Ганболдын “Араатан”, МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Даваасүрэнгийн ”Байлдааны морьд”, Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын “Байхгүйн зовлон”, МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуягийн “Сүүлчийн зүсэлт”, СГЗ С.Оюуны “Тэнгэрийн хүү”, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Эрдэнэбатын “Эх оронгүй хүн” өгүүллэгүүдэд тус тус хүртээв. 

“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг 1990 онд анхлан зохиоход Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв “Эрхий дарам зай” өгүүллэгээрээ тэргүүн байрт шалгарч байсан юм. Түүнээс хойшхи наадмуудад Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид 3 түрүүлж, Төрийн шагналт П.Пүрэвсүрэн, Төрийн шагналт Ц.Доржготов, МУСГЗ С.Пүрэв, Д.Намсрай нар тус бүр хоёронтоо магнайлж байсан юм.

22 дахь удаагийн  наадамд  түрүүлж, айрагдсан зохиолчдын дотор Монгол Улсын Ардын уран зохиолч дөрөв, Төрийн шагналт зохиолч найм, соёлын гавьяат зүтгэлтэн 14, Д.Нацагдоржийн шагналт зохиолч 12, бусад нь МЗЭ-ийн шагналт зохиолчид байв. 

相关新闻