Боловсролын салбарт 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-05 14:45:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт 2018 оноос өмнө эхлүүлсэн гурван сургуулийн барилга он дамжин баригдахаар болов. Улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр сумын 928 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажлыг “Аж констракшн” ХХК гүйцэтгэж, одоогоор 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Улсын төсвийн 951.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Уянга сумын Жаргалант багт баригдаж байгаа 120 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй, улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Богд суманд баригдаж байгаа 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байгаа аж. Оны өмнөхөн улсын төсвийн 529 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Есөнзүйл сумын 120 хүүхдийн бага сургуулийн барилга угсралтын ажлыг ашиглалтад хүлээн авчээ.

2018 онд улсын төсвийн 7.2 тэрбум төгрөгөөр Арвайхээр, Хархорин, Богд, Нарийнтээл, Сант, Баянгол, Уянга сумын Жаргалант багт ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, Хужирт суманд бага сургуулийн хичээлийн байр, Арвайхээр сумын 4 дүгээр сургуульд номын сан, урлаг заал бүхий өргөтгөл шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

相关新闻