Өвөрхангай аймагт “Хүүхдийн ордон” ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-24 17:25:09

Өвөрхангай МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн үе, үеийн хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөл биелж, хүүхдийн ордонтой боллоо. Улсын төсвийн хоёр тэрбум төгрөгөөр 2600 гаруй м/кв талбай бүхий 50 өрөөтэй, гурван давхар ордны барилгыг “ӨВМТХ” ХХК хугацаанаас нь өмнө гүйцэтгэн ашиглалтад оруулж, өнөөдөр нээлтээ хийж байна.

“Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудаас хүүхдийн төлөө оновчтой бодлого, шийдвэрүүдийг гаргаж, олон ажлын санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү бүтээн байгуулалт юм” хэмээн аймгийн Засаг дарга Г.Ганболд нээлтийн үеэр онцлов.  “Инээд баяслын гэрэл цацарч, халуун дулаан энерги шингэсэн энэхүү сайхан ордонд хүүхдүүд төгөлдөр хуур, дуу дуулаач, бүжиг, хөгжим, гар зураг, урлал, драм, илтгэх урлаг, технологи, уран сийлбэр, шатар, даам, сэтгэхүй хөгжүүлэх төрөл бүрийн дугуйлан сургалтуудад хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломж нээгдэж байна” хэмээн  ИТХ-ын дарга А.Ишдорж хэллээ.

Хүүхдийн ордон ашиглалтад орсонтой холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 23 сая төгрөгийн үнэ бүхий сандал, тоног төхөөрөмжийг олгосон бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас автомашиныг бэлэглээд байна.

Тус ордонд аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар үйл ажиллагаагаа явуулж, түүний дэргэд 14 төрлийн дугуйлан, секц хичээллэхээр болжээ.


相关新闻