Сургууль, цэцэрлэгийн эмч нарт шаардлагатай багаж хэрэгслийг олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн төсвөөс 26 сургууль, цэцэрлэгийн эмчид долоон нэр төрлийн багаж, хэрэгслийг олголоо. Үүнд пульсоксиметр, электрон халуун хэмжигч, үзлэгийн гэрэл, духны толь, хоолойн үзлэгийн иж бүрдэл, эмийн хайрцаг, өндөр жин хэмжигч зэрэг багтаж байгаа юм.
“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд зарим сургууль, цэцэрлэгийг орон тооны эмчээр хангах, эмчийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, шаардлагатай багаж хэрэгслээр хангах зорилт тавьж, сургууль, цэцэрлэгийн эмчийн ажлын байранд шаардлагатай багаж хэрэгслийн судалгааг гаргасан байна. Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд сургууль, цэцэрлэгийн эмч болоод эмчийн өрөө нь зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангагдсан байх ёстой ч ихэнх сургууль, цэцэрлэгт энэ нь төдийлөн хангалттай бус байдаг аж.
Одоогоор аймгийн хэмжээний 29 сургуульд 18 эмч, 13 цэцэрлэгт 8 эмч буюу боловсролын салбарт 26 эмч орон тоогоор ажиллаж байна. 2018 онд шинээр 4 сургууль, 3 цэцэрлэг эмчтэй болжээ.