Баярын өдрүүдэд эрчим хүчийг таслахгүй байх үүрэг өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд цахилгаан тасрах, хүчдэл унах асуудал багагүй гарсантай холбогдуулан аймгийн Засаг дарга Г.Ганболд ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай аймгийн салбарын удирдлага, ажилтнуудад үүрэг өгсөн юм.
Арвайхээр хот объектын олон зуухтай, тэдгээр нь аваарын дизельгүй учраас эрчим хүч доголдсон тохиолдолд байгууллага, орон сууцнууд хөлдөх эрсдэлтэй гэдгийг тэрбээр сануулав. Мөн шинэ жилийн баярын өдрүүдэд ард иргэдийг ая тухтай байлгаж, гэрэл цахилгаанаар асуудалгүй хангахыг шаардав.
Арвайхээр хотын цахилгаан сүүлийн хоёр өдрийн турш тодорхой хугацаагаар тасалдсан бөгөөд өнөө өглөө хүчдэл унаснаас шалтгаалан айл өрхүүдийн цахилгаан хэрэгсэл шатахад хүрчээ. Эрчим хүчний доголдолтой холбоотой шалтгаан нөхцөлийг яаралтай тодруулж, өнөөдөр аймгийн Онцгой комисст мэдэгдэхийг тус албаныханд үүрэг болголоо.