Баярын бялууг нийслэл болон гадны аймгаас авч худалдаалахыг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярын үеэр Улаанбаатар хот болон бусад аймгуудаас бялууны төрлийн бүтээгдэхүүн татан авч, худалдаалахгүй байхыг аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас анхаарууллаа.
Дээрх төрлийн бүтээгдэхүүний дийлэнх нь хаана, хэн, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхой бус, гарал үүсэл, орц найрлага нь тодорхойгүй байдгийг холбогдох албаныхан хэлж байна.
"Бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх технологийн зохицуулалт"-д зааснаар "Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 0-6 хэмийн дулаан бүхий зориулалтын хөргүүрт 24-48 цаг хадгалж худалдаалдаг, хадгалалтын хугацаа богино /1-3 хоног/, түргэн муудаж чанар байдлаа алддаг" бүтээгдэхүүн учир холоос тээвэрлэх нь хөлдөх, хугацаа хэтрэх зэрэг олон сөрөг үр дагавруудыг үүсгэдэг байна. Дээрх эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж, сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар хот болон бусад аймгаас бялууны төрлийн бүтээгдэхүүн татан авч худалдаалахыг хоригложээ. Мөн худалдан авагч, хэрэглэгчдийг ч хувь худалдаачдын гар дээрээс дээрх бүтээгдэхүүн авахгүй байхыг зөвлөлөө.